Saturday, October 19, 2013

ЦАГ БОЛ АЛТ

Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө.Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно.Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.
Энэ тохиолдолд та юу хийх вэ?
Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад.Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий.Энэ бол ЦАГ ХУГАЦАА.

Ш.Дулмаа "ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА!"

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Ш.Дулмаа "ГАЗАР ШОРООНДОО БИ ХАЙРТАЙ"

Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж
Хүйтэн булгийн уснаас нь шүдээ тагштал залгилж
Талын тогоруу нуурын ангир үргээж
Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоор
Газар шороондоо би хайртай
Толгодын энгэрээр хургаа хариулж явахдаа
Тоодон дээлэндээ чулуу хормойлж гэр барин
Хөрст газрыг нь хотойтол хөл нүцгэн гүйж
Хөнгөн залуу насаа талд үдсэн болохоор
Газар шороондоо би хайртай

Ч.Чимид "ЭХ ОРОН"

Хүн
Эх орноо
Шилж сонгож авдаггүй юм.
Эх орон гэж
Мэдэх нь битгий хэл, 
Энэ бие
чухам юугаа мэдэхгүй
Уйлахаас өөр чадалгүй
Үлгэхээс өөр дадалгүй
Амьтны үр 
Ангирын зулзага
Эхээс төрдөг юм.
Эх орон нь
Тосоод авдаг юм.

З.Дорж "ӨГЛӨӨНИЙ САНАМЖ"

Өглөө бүр эртлэн босож 
Өндөр тэнгэрийг хүндэтгэн харж бай
Огторгуйн хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд тань шингээх болно

Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно

Орой бүр нэгийг санаж 
Одот тэнгэрийг хүндэтгэн харж бай
Од гаригс үзэсгэлэнт сүлдээрээ
Оюун ухааныг тань гийгүүлэх болно