Sunday, December 29, 2013

Ц.Чимиддорж "СЭЛБЭ"

“Хоёр хүү минь хөвөөнд нь төрсөн өлзийт ус оршивой”
Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно.
Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино.
Агсал буурал Туултайгаа хатирч л бэлчирдэг усан
Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгэнэ.
Тэнгэр удгалахад үерлэх нь гэж хөөрнө.
Тэрэг чарга гатлахад долгисоо сандааж төөрнө.
Эвхсэн цаас хөвүүлж, дусалтай нь үсчих шалдан хүүхдүүдийн
Энэ голын жараахай нь хайчсан юм бол гэх гайхшрал
Үйлдвэр чихэлдсэн чимээнд дарагдсан дүлий урсгалд
Үймэх савангийн хөөстэй түлхэлцэн байж хагарна.
Чин ван Ханддоржийн илдээ ширээсэн хатан ус юмсан
Чилгэр хөх баатрууд минь эргэж ирээд амссан ус юмсан
Чингэлтэй уулын сэрүүн гүнж нүүрээ буруулах нь юу вэ?
Шилэн харшийн ёроолоор шоовдорхон гэлдрэх нь юу вэ?
Газар тэнгэртээ л нүгэлгүй явах юмсан.
Гал усандаа л халгүй явах юмсан.
Хөвөөнд нь нуугдаж өргөсөн халамцуу нанчид багадаагүй.
Хөх усанд нь нэмэр болдогсон бол болохоороо л нэг болсон.
Хүүхнүүд хөхрөлдөн өнхөрдөг байсан торгон ширэг нь
Хөлд тарчилж атирсан адсага болсон.
Дүүрэн Сэлбэ биднийг ширгэтлээ сэлбэлээ.
Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа.
Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы
Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна.
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа элгэнд хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч, амьсгалаа өвөр дээр чинь хураах нээ!
Тогтоол зарлиг дундуур урсаж байгаа хотын номхон голыг
Торгоож чадалгүй уурга шиг чиргүүлэн алдаж байж
Зэм халдаамгүй Алтайн цаадахь
Зэрэглээ залгисан халтар говийн 
Бидэр ээ гээтэл цахилах эмнэг хуланг тогтоох юм гэнээ
Битгий 
СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ
СЭРЖ МАРТАЦГАА!
Ажнай гэмээнэ нутгаа л үнсэж гүйх унаган ус минь
Алганы минь хээ дагаж садарсан хөх цус минь
Дээгүүр чинь тэгнэх гүүрний хоёр ногоон арслан л
Дэргэдүүрээ өнгөрөх болгоноос усаа харамлаж архирах юм.
Чулуун арслангаас өөр өмөөрөх эзэнгүй юм бол
Чухамдаа тэгээд энэ чинь хэний гол юм бэ?!