Monday, December 3, 2012

Р.Чойном "УУР МИНЬ ХҮРЧ БАЙНА"


Уур минь шатаж байна.
Улаан тугаас үнтэй амьд
Улаан зүрх минь шатаж,
Уужим дэлхийд би шатаж байна
Нэг даваанд өссөн үе чацуутан
Нэг тогоонд хооллосон ахан дүүс
Нэг зовлон үүрсэн ард түмэн
Нэг насандаа итгэсэн төр засаг
Алтыг ялж эгэл хүнийг үнэлэх
Асгаруулсан цусаараа ядуу ард байгуулсан
Атомын энэ зууныг хэн бүхэн мэднэм
Адгийн томъёог нь ч мэдэхгүйд уур минь хүрнэ
Түрүүчийн ташуур барьсан засгийг түлхэн унагаад
Түүний оронд хурдан буу барьж өндийсөн засаг
Түүх ёс төр шударга ухаан бүхнийг бас
Түлхэн унагаад хүнийг мал болгож байна
Эх орны минь дархан алдрыг гутааж
Эрдэмгүй тэнэгүүдийг Европоор тарааж
Эсэн бусын ховч доншуулчдыг урьж авчираад
Өөрсдөө мал мэт сажиллаж явна
Эрийгээ үхсний маргааш өөр хүнтэй банзалдсан
Эмийн шинжтэй манай төр
Эртнийхээ төр Чингисийнхээ нэрийг дурсахаар
Эмээж оросын өлмийг долоож байна
Өвөг Чингист хонзонтой Оросуудыг хүндэлж
Өүлэн эхийн угсаат мань мэтийг хавчиж
Өөрийн тэжээвэр нохойг ад үзэж хөөж
Өлөн хөх чоноор хонио мануулж байна
Үхэр халх угсаа тэнэг удамтай ч гэсэн
Үүнээс тэнэг явсан минь чулуун зэвсгийн үед ч үгүй
Үүнийг мэдээд дөрвөн Ойрдын эсрэг
Үе улиртал цус асган тэмцсэн
Хаан ширээрүү 500 жил гэтээд
Хатан мандухайд тархиа хага харвуулаад
Хувиа бодож суусан 4 Ойрдын үлдэгдэл
Хувьсгалын далимаар эзэн ширээнд гарсан юм
Таванзуун жилийнхээ өшөө хонзонг тайлж
Тал нутгийн минь дээр доромжлол тарьж байна
Тарьсан тэр хэргийг илэрч мэдэгдхээс нааш
Та бүгдийг жигдхэн эрдэмгүй бүдүүлэг өсгөж байна
Ядуу амьдаралын минь зулай дээр
Өстөн ингэж суугаад ярганы мэс үсэнд чинь
Билүүдэж суухад нь ялалтын зэвсгээс зугатааж
Инээж суухийг чинь хараад яаж би инээлцэх билээ
Уур минь хүрч байна
Уур минь зүрхийг минь
Түлэхээс нааш алдарыг минь түлэхгүй
Уур, шартай толгой минь
Тэдний цаазанд өнхөрөвч
Уур хорсол минь Монгол нутаг дээрээ үлдэнэ.
Сүр хүчний их уур минь үлдээд зогсохгүй дүрэлзэнэ.
Сүлд болсон төрийг ардтайгаа хүн шиг ярилцтал нь дүрэлзэнэ.
Сүүлчийн ширээнээс хөөгдтөл нь дүрэлзэнэ.