Showing posts with label Заавал унших 100 яруу найраг. Show all posts
Showing posts with label Заавал унших 100 яруу найраг. Show all posts

Wednesday, October 30, 2013

Б.Лхагвасүрэн "ИЖИЙТЭЙГЭЭ БАЙХАД"

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан

О.Дашбалбар "АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ХҮМҮҮС ЭЭ"

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
 

П.Бадарч "ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН"

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ

М.Цэдэндорж "МОРИН ХУУР"

Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай
Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй
Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ
Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь ч зурайна
Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна

Б.Явуухулан "БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ"

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд,
Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.

Ц.Дамдинсүрэн "ХОЁР НАСТАЙ РО"

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн
Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй
Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй

Д.Пүрэвдорж "ТУСГААР ТОГТНОЛ"

Ханат цагаан гэрийн од хийморын тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан  Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

О.Дашбалбар "ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ"

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож 
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж 
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь! 

Өнгө энэ алаг хорвоо дээр 
Өөрийн сайндаа чи төрөөгүй! 
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах 
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла! 

Р.Чойном "ЗАЛУУ НАС" шүлэг

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Р.Чойном “ХҮН” найраглал

Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан
Оддын хүрээлэн орчлон ертөнцийг
Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа
Оюун төгс  дээд төрөлт хүн тантай
Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна
Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны
Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон
Гэхдээ би үзэл бодол  эрдмийн тухай яриагүй ээ
Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн

Saturday, October 19, 2013

О.Дашбалбар "ТЭНГЭР ШИГ БАЙ"

Хамаг бүгдээр чамайг 
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! 
Хамгийн сайн хүмүүс гэж 
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! 
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч 
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан... 
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч 
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг... 
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч 
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! 
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч 
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай! 

Д.Нацацгдорж "ДӨРВӨН ЦАГ"

ХАВАР

М
өнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад х
үний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Х
өрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Х
өгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.

Monday, September 16, 2013

Б.Ринчин "МОНГОЛ ХЭЛ"

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Sunday, August 4, 2013

Ч.Лхамсүрэн "ХҮРЭН МОРЬ" Найраглал

Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хөвсөн үүлсийн
Сугаар нэвт шагайж
Урваж хөрвөж байгаа
Хурын бараан үүлийг
Улбар шар өнгөөр
Хувиргаж сайхан чимлээ
Сүрэг олон адуу
Суурь бэлчээрээ солоиход
Сүүлдэж явсан хүрэн

Wednesday, July 3, 2013

Д.Нацагдорж "МИНИЙ НУТАГ"

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Ц.Хулан "ГАНЦХАН ЭЭЖДЭЭ УНШИХ ШҮЛЭГ"


Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой!
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай!
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан

Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий минь та
Газар дээр хичнээн увидастай төрсөн юм бэ?
Баривчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа.
Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа.

Ч.Чимид "БИ МОНГОЛ ХҮН"

Аргалын утаа боргилсон 
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог.

Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь 

Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж 

Хосгүй баярын нулимс 
Хоёр нүдийг минь бүрхдэг. 

Wednesday, December 12, 2012

Р.Чойном "МИНИЙ ШҮТЭЭН"


Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх үед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй

Р.Чойном "ЖАРГАЛ ЗОВЛОН"


Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу


Monday, December 3, 2012

Р.Чойном "УУР МИНЬ ХҮРЧ БАЙНА"


Уур минь шатаж байна.
Улаан тугаас үнтэй амьд
Улаан зүрх минь шатаж,
Уужим дэлхийд би шатаж байна
Нэг даваанд өссөн үе чацуутан
Нэг тогоонд хооллосон ахан дүүс
Нэг зовлон үүрсэн ард түмэн
Нэг насандаа итгэсэн төр засаг