Saturday, October 19, 2013

Ч.Чимид "ЭХ ОРОН"

Хүн
Эх орноо
Шилж сонгож авдаггүй юм.
Эх орон гэж
Мэдэх нь битгий хэл, 
Энэ бие
чухам юугаа мэдэхгүй
Уйлахаас өөр чадалгүй
Үлгэхээс өөр дадалгүй
Амьтны үр 
Ангирын зулзага
Эхээс төрдөг юм.
Эх орон нь
Тосоод авдаг юм.
Эх орон гэдэг нь
Хуурай зөөлөн бууц нь
Хонины нэхий өлгий нь
Таван ханатай гэр нь
Таалж өхөөрдсөн бүхэн нь
Эх орон гэдэг нь
Ажилд зүтгэлтэй
Аливаад итгэлтэй
Эрийн сайн бүрдсэн
Эрхий мэргэн аав нь
Хэлэхэд цэвэрхэн
Халхад ховорхон
Үлэмжийн чанар төгөлдөр
Үзэсгэлэн гуа эх нь
Тэр эхийн
Уураг шаргал сүү нь
Урсгал зөөлөн харц нь
Уяран дуулсан дуу нь
Уйлан хайлсан сэтгэл нь
Хүлгийн шандас сунаж
Хүний хүү өсөж
Эхийн өвөр гээд
Эх орныхоо
Хязгааргүй
Хилгүй хэсгээс
Гэрийн хойморын
Хамгийн зөөлөн
Ширдэг рүү шилжээд
Мөлхөх газраа мөлхөж
Алхах газраа алхаж
Үүдээ  хүрдэг юм.
Тэндээсээ
Зэл хүрч
Зэлээсээ бэл хүрч
Бэлээсээ
Уул хүрч
Өндөр уулаа даваад
Өргөн мөрнөө гатлаад
уугуул усаа
Суугуул нутгаа
Эзэгнэж эхэлдэг юм.
Энэ бүхнээ эх орон гэж
Ойлгож эхэлдэг юм.
Таван Богдоор
Тооноо тулж
Хянган соёлзоор
Хаяагаа манаж
Онон Сэлэнгээр
Удмаа хийж
Одон орноор
Өрхөө бүрж
Өв тэгш сэтгэлээр 
Өнөр бүлээр
Амьдарч эхэлдэг юм.
Тэгээд 
Улс гүнийхээ түүхээр
Бүрэн намтраа хийж
Ариун гэгээн бүхнээр 
Амины зорилгоо хийж
Эх орныхоо
Жинхэн эзэн нь
Би гэх эрхтэй болдог юм.
Эрин үеийн өмнө
Эх орноо
Эзэн хүн шиг хариуцдаг юм.
Миний эх орон
Монголын сайхан орон!
Чухам энд төрөх гэж
Чухал болгон заагаагүй
Орчлон хорвоо дундаас
Онцолж би сонгоогүй
Хүн Эх орноо
Шилж сонгож авдаггүй юм.
Хэлж зааж ирдэггүй юм.
Эх орноо би хөндлөн гулд явлаа.
Энэ дэлхийгээ би хэрж тойрч үзлээ.
Шилээгүй авсан нутгаа
Аль ч нутгаар солихгүй
Хэлээгүй ирсэн орноо
Хэний ч хүүд өгөхгүй!