Saturday, October 19, 2013

Ш.Дулмаа "ГАЗАР ШОРООНДОО БИ ХАЙРТАЙ"

Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж
Хүйтэн булгийн уснаас нь шүдээ тагштал залгилж
Талын тогоруу нуурын ангир үргээж
Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоор
Газар шороондоо би хайртай
Толгодын энгэрээр хургаа хариулж явахдаа
Тоодон дээлэндээ чулуу хормойлж гэр барин
Хөрст газрыг нь хотойтол хөл нүцгэн гүйж
Хөнгөн залуу насаа талд үдсэн болохоор
Газар шороондоо би хайртай

Ээжийн минь амгалан үедээ өрхийг нь татаж
Энгэр бэл дээр цэмцийн харагддаг байсан
Төрсөн гэрийн минь буйр мөөгөн хүрээ татаж
Төө зайгүй амьдралын илч шингээж байдагт нь
Газар шороондоо би хайртай
Аймгийн сургуульд орчихоод гэрээ санан ганихарч
Ар багийн хотлоор гэрийн бараа ширтэж
Асгарах нулимстай нүдэнд зурайн харагддаг байсан
Алтан шаргал замыг одоо болтол санадагтаа
Газар шороондоо би хайртай
Уулс толгодын дээгүүр үүлс суунаглан нүүж
Унасан морьны туурай газар хотойтол цавчилж
Учрахын сайхан ерөөлөөр хос зүрхэн цохилж
Уудам талын бэлчээрт хайр амталсан болохоор
Газар шороондоо би хайртай
Харийн дайсан халдахад гал голомтоо хамгаалж
Халхын сайхан эрчүүд буу мөрлөж мордохдоо
Хатан туулын усыг рашаан гэж амтлан
Хайрга чулуу шороог нь алчууртаа боож явсанд нь
Газар шороондоо би хайртай
Арван төө биенийхээ алжааж ядрахыг мэдэлгүй
Ариун талын уудамд цуурай хадтал дуулж
Аагтай залуу насныхаа ид бахыг үзэх гэж
Атрын онгон хөрсөнд үр суулгалцсан болохоор
Газар шороондоо би хайртай
Зуур хоносон сарны тэргэл туяаг орлох гэж
Зуун түмэн зулыг эх газартаа асааж
Тэнхээт биенийхээ хөлсийг дусал дуслаар шингээх гэж
Тэнгэрлэг эх орондоо эзэн нь болж төрсөндөө
Газар шороондоо би хайртай