Monday, September 16, 2013

Б.Ринчин "МОНГОЛ ХЭЛ"

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Б.Ринчин "ХЭЭР, НАМАР"

Нүд алдам уудам хээр тал
Хачин чимээгүй шарланхан халиурч,
Дэлхийн чимээ болсон царцаахай нам гүм
Дээр тэнгэрт л тогоруу дуугарнам
Алтан дэлхийн гандсан шар мандлаас
Аятайхан, хачин сонин үнэр ханхлан
Хиргис хүүр дээрх хүн чулууны духнаас
Хөлс гоожсон шиг хяруу хайланхан барзайнам.  (Москва 1947) 

Tuesday, August 27, 2013

Д.Нацагдорж "АЛС ГАЗАР СУРАХААР ЯВАГЧ"

Алс газар сурахаар очих замд
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсний толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж,
Баяслыг харийн хэлээр уламжлаад
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ

Б.Явуухулан "ХАРАХААС ЯЛДАМ ХОНГОР БҮСГҮЙ"

 Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!

Б.Явуухулан "ТУУЛЫН ШУГУЙ"

Туулайн гүйдэл шиг салхинд 
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд 
Хайрын сэтгэл дасна
Хээрийн салхинд Туул минь 
Тахийн зоо шиг бэдэрлэнэ
Хайрын хүчинд сэтгэл минь 
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй юм чи 
Гүнд нь хангинах дууны 
Эгшиг нь миний сэтгэл юм