Tuesday, August 27, 2013

Б.Явуухулан "ХАРАХААС ЯЛДАМ ХОНГОР БҮСГҮЙ"

 Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!

Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.

Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!

Б.Явуухулан "ТУУЛЫН ШУГУЙ"

Туулайн гүйдэл шиг салхинд 
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд 
Хайрын сэтгэл дасна
Хээрийн салхинд Туул минь 
Тахийн зоо шиг бэдэрлэнэ
Хайрын хүчинд сэтгэл минь 
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй юм чи 
Гүнд нь хангинах дууны 
Эгшиг нь миний сэтгэл юм

Б.Ичинхорлоо "АМЬДРАЛ"

Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно. 
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна. 
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.
Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал 
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал 
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
 
Би бодлоо амьдрал гэж юу вэ
 
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар 
Бүрэн дүүрэн амьдарч байна.

Б.Ичинхорлоо "ЗУУН НАМАР"

Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд л
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй

Зуун намар, зуун намар л ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр л байх болно
Амгалан царайг чинь би догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно оо

Tuesday, August 6, 2013

Ч.Чимид "ӨРНӨ ДОРНО ХОЁР"

Дорно л гэнэ
Өрнө л гэнэ
Өрнө биш дорно л гэнэ
Дорно биш өрнө л гэнэ

Хатан дэлхийг
Хаа гуяар нь салгаж байгаа юм шиг
Хаагуур нь
Салгаад
Ялгаад байгаа юм бол? Хотол түмнийг
Хонь хурга ялгаж байгаа юм шиг
Юугаар нь
Зааглаад
Заазлаад байгаа юм бол?