Tuesday, August 6, 2013

Ч.Чимид "ӨРНӨ ДОРНО ХОЁР"

Дорно л гэнэ
Өрнө л гэнэ
Өрнө биш дорно л гэнэ
Дорно биш өрнө л гэнэ

Хатан дэлхийг
Хаа гуяар нь салгаж байгаа юм шиг
Хаагуур нь
Салгаад
Ялгаад байгаа юм бол? Хотол түмнийг
Хонь хурга ялгаж байгаа юм шиг
Юугаар нь
Зааглаад
Заазлаад байгаа юм бол?
Урал Кавказаар
Ус далайгаар
Салгаад байгаа юм уу?
Хар цагаанаар
Шар улаанаар
Ялгаад байгаа юм уу?
Зүг чигээр
Зүүн баруунаараа
Арьсны өнгөөр
Амны зоргоор
Алтан дэлхийг
Айл хунартай нь
Ард түмэнтэй нь
Ялгаж
Салгаж
Яах гэсэн юм бол?
Бүү мэд!

Үнэнийг хэлэхэд
Ази, Европ ч гэж бий
Америк, Австрали ч бий
Африк, Антарктид ч бий
Улс гүрний хил ч бий
Улаан цагаан арьстан ч бий


Гэвч
Бөмбөрцөг хэрсэн шугам
Бүсэлхий дарсан эквадор
Зургаан тивийн зааг
Зулайн үсний өнгө
Аль нь ч
Улс түмнийг ялгах
Уг үндсээр нь салгах
Чиг замы нь хоёрдуулах
Чин хүслий нь холдуулах
Ёсгүй

Суусан нутгаар
Сурсан хэлээр
Хүн төрөлхтөн
Адилгүй ч
 
Нар гарах цагаар
 
Сар гарах чигээр
 
Хүж дэлхий
Ижилгүй ч
Элст Мисрийн пирамид хөшөө
 
Эрт Грекийн соёл урлаг
 
Дорнын гүн ухаан
 
Өрнийн шалгадаг ухаан
 
Угсаатан бүрийн нөр хичээл
 
Үндэстэн бүрийн нэр бүтээл
 
Цөм бүрэлдэн

Хам хуралдан
Хүн төрөлхтний
 
Өнийн замнал билээ
 
Өвийн уламжлал билээ
 
Урлал, дурлал нь билээ
 
Ажил амьдрал нь билээ

Өрнийнх ч гэсэн хүн
Дорных ч гэсэн хүн
Хар арьстай нь ч хүн
Шар цагаан нь ч хүн

Хүн ингээд
Төрх төрлөөрөө
Байр байдлаараа
Төсөөтэй гэвч
Гартаа байгаа зэвсэг багажаар
Урдаа байгаа хэрэг зорилгоор
Номлосон суртлаараа
Ноёлсон сууриараа
Хийдэг тэмцлээрээ
Гийдэг бүтээлээрээ
Ана мана
Ач тач
Ялгагдсаар
Салгагдсаар иржээ

Уудам дэлхий
Улс гүрэн
Тэр ч байтугай
Улс дундуур
Бүр цаашилбал
Айл гэр
Ах дүүгийн хоорондуур
Үзлийн ялгаа
Сүжгийн ялгаа
Ангийн ялгаа
Ангилан зурайж байна

Өрнө дорно гэж
Эсрэг тэсрэг
Ойлголт байхгүй
Өнгөлзөх дайсан
Тонголзох нөхөр гэж
Ялгаа бий

Улаан цагаан гэж
Арьсны харш
Өнгө байхгүй
Улаантан, цагаантан гэж
Ангийн харш
Ялгаа бий

Миний дорно
Чиний өрнө гэж
Ойлголт байхгүй
Миний коммунизм
Чиний капитализм гэж
Зааг бий

Тэгээд ч бид
Дорно гэж огсойдоггүй
Өрнө гэж огоордоггүй

Тивээр бид ярьдаггүй
Эвээр бид ярьдаг
Ижил зүсээр ялгадаггүй
Үзэл санаагаар ялгадаг