Wednesday, October 30, 2013

О.Дашбалбар "АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ХҮМҮҮС ЭЭ"

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
 

П.Бадарч "ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН"

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ

М.Цэдэндорж "МОРИН ХУУР"

Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай
Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишигдэлтэй
Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ
Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь ч зурайна
Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна

Б.Явуухулан "БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ"

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд,
Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.

Ц.Дамдинсүрэн "ХОЁР НАСТАЙ РО"

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн
Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй
Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй