Wednesday, October 30, 2013

Б.Явуухулан "БИ ХААНА ТӨРӨӨ ВЭ"

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд,
Царгиа хүйтэн өвөл сарлагын бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.

Ц.Дамдинсүрэн "ХОЁР НАСТАЙ РО"

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн
Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй
Ариун тунгалаг ухаантай
Аз завшаан ихтэй

Д.Пүрэвдорж "ТУСГААР ТОГТНОЛ"

Ханат цагаан гэрийн од хийморын тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан  Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

О.Дашбалбар "ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ"

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож 
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж 
Замба тивийн элгэн дзэр туйлж яваа дүү минь! 

Өнгө энэ алаг хорвоо дээр 
Өөрийн сайндаа чи төрөөгүй! 
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах 
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла! 

Р.Чойном "ЗАЛУУ НАС" шүлэг

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.